Зүрхний эмгэгтэй150 гаруй хүүхэд эмчийн хяналтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-09 21:46:28

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар зүрхний эмгэгтэй, эмчийн хяналтанд байдаг 150 гаруй хүүхэд байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч н.Наранцацрал, Япон улсын хүүхдийн их эмч Тамура нарын бүрэлдэхүүнтэй Японы “Heart saving project” буюу зүрх хамгаалах сангийн “зүрх хамгаалах” төслийн баг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амралтын хоёр өдөр ажиллалаа. Уг багийнхан 2005 онд ЭХЭМҮТ-тэй гэрээний дагуу анх Сэлэнгэ аймагт ирж байсан юм. Уг төсөлд Монгол Улсаас 6000 гаруй хүүхэд хамрагдаж 515 хүүхэд нарийн мэргэжлийн мэс ажилбарт орж байжээ.

Энэ удаа Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий Д.Тунгалагийн урилгаар “Зүрх хамгаалах” төслийн багийнхан 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирсэн байна. Япон улсад уг зүрхний мэс засал 41-45 мянган америк доллараар хийгддэг боловч уг төслийн хүрээнд Монгол хүүхдүүд үнэ төлбөргүй хамрагддаг ажээ. Тус багийн хамт олон энэ удаа зүрхний ямар нэгэн эмгэгтэй жирэмсэн эхчүүдэд мөн эхо оношлогоо хийлээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хяналтанд байдаг 150 хүүхэд энэ үзлэгт бүрэн хамрагдаж, эдгээрээс 3 хүүхэд ирэх 11-12 сард газар дээр нь ирж хийх зүрхний хагалгаанд үнэ төлбөргүй орохоор боллоо.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

相关新闻