БАЯНХОНГОР: Байгалийн галерей буюу Бичигтийн амны хадны зургууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-19 15:17:02

Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг байгалийн олон бүс бүслүүр буюу хангай, тал хээр, говь, цөлийн үзэсгэлэнт байгалийг хамран оршдог.


Гурван бүсийн нутагт очсон хэн бүхэн хүн төрөлхтний анхны соёлоос эхлээд эртний хүмүүс амьдарч байсныг нотолсон Цагаан агуй, өөр гараг ертөнцийн оюун ухаантнуудын бүтээл байж болох Цагаан булгийн хадны дүрс зургууд, эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн түүх, соёлын дурсгал болох Бичигтийн хөндийн хадны сүг зургуудыг үзэх боломжтой.


Мөн байгалийн өвөрмөц сонин тогтоцтой, анагаах чадвараараа хосгүй 96 хэмийн халуун Шаргалжуутын халуун рашаан, эртний хаад ноёдын хуралдан чуулж байсан Заг-Байдрагийн Хүрэнбэлчир Баянхонгорт бий. 


Мөн одоогоос 100-200 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга биет динозаврын чулуужсан яс зэрэг бүхий Бүгийн цав, Ногоон цавууд, энэ дэлхий дээр анх монгол нутагт шатар үүссэнийг гэрчлэх Шатар чулууны хөшөө цогцолбор, дэлхий дээр говийн дархан газарт цөөн тооны байдаг говийн баавгай хэмээх Мазаалай зэрэг гайхамшгийг үзэж болно.


Баянгийн нурууны Их Бичигтийн аманд эдүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галерей бий. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Алтайн нурууны сүрлэг уулын амны өвөлжөөний нөмөр хаданд одоогоос олон мянган жилийн өмнөх үед хамаарах хадны сүг зураг дүрслэгдсэн байдаг. Энэ бол хүн байгалийн гайхамшигт зохицол гэмээр зохиомж бөгөөд урлагийн талаас эртний хүний сэтгэмж дүрслэлийн хэв баригдмал бус сэтгэлгээг шууд харахаас гадна байгалийн өнгө будаг түүнийг хэрхэн гоёсон байгааг мэдрэх боломж юм.


Бичигтийн амны хадны зургийн онцлог нь дүрслэлээс гадна байгалийн хадыг цоолборлон дүрсэлсэн дүрс он цагийн эргэлтэд алтадмал шарга бэхээр будсан мэт болж тогтсонд оршино.


“Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг 2011 онд Дэлхийн өвийн жагсаалтад coёлын ангиллаар бүртгэсэн.

Алтайн нурууны хадны зургийн дотор хэлбэр агууламж төдийгүй өнгө үзэмжийн хувьд хосгүй гайхамшигтай дурсгал бол Бичигтийн амны хадны зургийн цогцолбор юм. Он цагийн хувьд хүрлийн үед /3–1 дэх мянган жил/ хамаарах боловч түүхийн олон цаг үед хамаарах дурсгал байна.


Бичигт хадны зурагт янгир, буга, гахай, тэмээ, ирвэс, гөрөөс, нохой, үхэр зэрэг амьтдын бүл сүргээрээ болон ганцаар тодолсон элдэв хөдөлгөөн дүрс, буга, янгир зэрэг ан авыг нум сумаар агнаж буй морьтой явган хүмүүс, тэрэгтэй морьтон, нум саадаг зэр зэвсэг агссан хуягт дуулгат эрс, үүл борооны явдал үйлдэж буй хүмүүс, ан амьтад, хүн малын үржихүйн бэлгэдэлт үйлийг дүрсэлсэн унагатай гүү, азарга гүү гишгэж байгаа, хээлтэй гүү, эхийгээ хөхөж буй бугын илий зэрэг амьтдын амьдралыг дэлгэжээ.


Энд сонирхол татсан нэгэн зураг бол анжсанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг. Энэ зургийг МЭӨ-||| мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг. Үүнээс үзэхэд энэ нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж газар тариалан эрхэлж байсны нотолгоо юм. Иймээс энэ зураг нь дэлхий дээр хамгийн анх түрүүн тэрэг бүтээсэн ард түмний нэг нь Монгол гэдгийг харуулж байгаагийн илэрхийлэл гэж нэгэн судлаач хэлсэн байдаг.





相关新闻