Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 205 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-24 09:13:33

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгджээ.


Нийслэлийн болон орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амийг авран хамгаалсан байна. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас нэг хүүхэд, 11 том хүн нас баржээ. Нийт дуудлагын 112 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 66  нь гал түймэр, 26 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байсан аж.


Зөвхөн Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт л гэхэд Туул гол хальсны улмаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид, Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид хамтран автомашин, завьтайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж 69 өрх, гурван амралт, сувилалын газраас 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргасан байна.

 

相关新闻