УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-28 06:23:02

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. 


Монгол Улс энэ удаагийн парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлж аймгууд 7, нийслэл 6 тойрогтой байж, УИХ-ын сонгуулийн 13 тойрогт хуваасан. Ингэснээр УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгож, УИХ анх удаа 126 гишүүнтэй болох түүхэн цаг үед тулж ирээд байна.


Энэ удаагийн сонгуульд 1341 нэр дэвшигч Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлж, зургаадугаар сарын 10-26-ны өдрийг дуусталх хугацаанд сурталчилгаагаа хийлээ. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоосон юм.


Энэ жил улсын хэмжээнд 2.2 сая сонгогч 19 нам, 2 эвслээс нэр дэвшсэн дэмжигчдийнхээ төлөө саналаа өгнө. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу өчигдөр зөөврийн хайрцгаар санал авсан бол энэ сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд гадаад улсад суугаа иргэдийн саналыг авсан юм. Сонгуулийн тогтолцооноос хамаарч саналын хуудас нь хоёр хэсэг байх ба тойрогт нэр дэвшигчид болон нам эвсэлд саналаа өгнө. Гадаад суугаа монгол иргэдийн хувьд зөвхөн нам эвслийн төлөө саналаа өгсөн юм.


2024 оны ээлжит сонгуульд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхээр УИХ-аас тогтоосон. Манай улс 2012 оны ээлжит сонгуулиас хойш сонгогчийн санал авах, тоолох болон сонгогчийн бүртгэлийн үйл ажиллагаанд уг автоматжуулсан системийг нэвтрүүлээд буй. Гэсэн хэдий ч санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулах зорилгоор бүх хэсэгт хяналтын тооллогыг гар аргаар явуулна. Өнгөрсөн хугацаанд санал тоолох төхөөрөмжийн дүн, хяналтын тооллогын дүнтэй зөрсөн тохиолдол гараагүй. Хяналтын тооллогыг нээлттэй зохион байгуулах ба үйл явцыг хяналтын камерт тасралтгүй буулгаж баталгаажуулна гэж Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрийн өмнө мэдээлж байв. 


УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа нь Монгол Улсад төдийгүй олон улсад бүрэн нээлттэй явагддаг. Сонгуулийн зохион байгуулалт, үйл явцыг дотоод гадаадын ажиглагчид ажиглахын зэрэгцээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан цаг тухайд нь мэдээлдэг. Олон улсын ажиглагчид, сэтгүүлчид Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагааг дэлхий нийтэд мэдээлж, сурталчлахаас гадна анхаарах асуудлыг тодорхойлдог өндөр ач холбогдолтой. 


Манай улс 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020 онд парламентын сонгууль зохион байгуулж байв. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөнө.






相关新闻