Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо чухал
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Соёлын биет бус өвийн ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо нэн чухал” хэмээн өнөөдөр Пума империал зочид буудалд эхэлсэн Зүүн хойд Азийн бүсийн хурлын үеэр онцлов.
Энэ удаагийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ICHCAP хамтран зохион байгуулж байна.
Зүүн хойд Ази нь түүхийн урт удаан хугацааны туршид соёлын асар баялаг өв уламжлалыг бүтээж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэдСоёлын биет бус өв /СББӨ/-ийг хамгаалах талаар хэрэгжүүлж буй бодлогоороо манлайлж байгаа аж. Тухайлбал, дэлхийн хэмжээнд нийт 391 СББӨ бүртгэгдсэнээс 93 нь Зүүн хойд Азиас бүртгэгдсэн байна. Үүнээс Япон улс 22, БНХАУ 38, БНСУ 18, БНАСАУ 2, Монгол Улс 13 СББӨ-ийг тус тус бүртгүүлжээ.
Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд Монгол Улс, Япон, БНСУ, БНАСУ, БНХАУ зэрэг орны эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байна.
Байгаль соёлын өвийг хамгаалах сангийн тэргүүн, доктор Н.Уртнасан хэлэхдээ, “Монгол хэлтэн угсаатанд бусад угсаатанд байдаггүй соёлын өв их бий. Тухайлбал, уртын дуу зөвхөн монгол хэлээр ярьдаг, шүлэглэдэг, дуулдаг үндэстнүүдэд л бий. Монгол ардын уртын дуу шиг олон нугалаатай, аялгуутай, ард түмний гүн ухаан, сургаал шингэсэн дуу ховор. Мөн хөхүүрэнд айраг исгэх, шагайн наадаан зэрэг соёлын өв бусад үндэстнүүдэд байхгүй. Тиймээс үүнийг хадгалж хамгаалах, залуу үедээ өвлүүлэх, хойч үедээ дамжуулах, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх шаардлагатай” гэв.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, “СББӨ-ийн ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо нэн чухал. Сүүлийн үед”New media” буюу шинэ мэдээг залуус, өсвөр насныхан их хэрэглэж байна. Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалахын тулд энэ чиглэлээр үйл явуулж буй байгууллагууд хамтран бүс нутагт хэвлэл мэдээллийн сүлжээг бий болгох, олон нийтийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй” гэлээ.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал