Ес дэх удаагийн парламентын хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэл анхдугаар чуулганыг даргална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлигаар УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш 10:00 цагт эхлүүлэхээр товлосон билээ.
Тэгвэл анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн даргалан явуулах хуулийн заалттай. Шинээр бүрдсэн парламент анхдугаар чуулганаараа УИХ-ын даргаа сонгоно. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.3-т “Анхдугаар чуулганы хуралдааныг УИХ-ын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасан байдаг.
Үүний дагуу 126 гишүүнтэй шинэ парламентын гишүүдээс хамгийн ахмад нь болох Д.Рэгдэл даргалж хуралдуулах юм. Академич Д.Рэгдэл нь 73 настай. Тэрбээр сонгуулиар МАН-ын жагсаалтын тавдугаарт бичигдэн анх удаа УИХ-ын гишүүн болсон нь энэ юм.
Түүний хувьд ШУА-ийн
тэргүүн дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан
бөгөөд 1996 онд Монгол Улсын
Төрийн соёрхол, 2006 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол
хүртсэн билээ.