29 мянган малд вакцин хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-10 16:26:22

Ховд аймгийн Онцгой комисс 10 сарын 07-ны өдөр хуралдаж тус  аймагт  бог  малын  мялзан өвчин гарсантай холбоотой болон 17 сумын малд вакцин хийх асуудлыг хэлэлцэж, аймгийн засаг дарга захирамж гаргалаа.

Онцгой комиссын хурлаар 09 сарын 12-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд байсан 46 постын  27-г  нь татан буулгаж, 19 постын  үйл ажиллагааг  10 сарын 08-ны өдрийн 8 цагаас эхлэн өдөр тутмын бэлэн байдалд шилжүүлэхээр боллоо.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж тогтоол гарсны дагуу энэ 10 дугаар сарын 10-нд Ховд аймгийн Булган сумын Ярант боомтоор БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцин орж ирэх ажээ. Харин 10 сарын 11-ны өдөр 17 сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн эмч нарт заавар зөвлөмж, сургалт хийх бөгөөд энэ сарын 21-ний өдөр хүртэл малд вакцинжуулалт хийх юм.

Тус аймгийн 29,0 мянган толгой малд 29,0 мянган тун вакцин хийх юм байна.

Мал вакцинжуулахад хүн хүч, машин техник, тэтгэвэртээ гарсан мал эмч нар, мэргэжлийн ангийн оюутнуудыг дайчлах тухай яригдаж, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх тодорхой зөвлөмжийг өгч байна.

Аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газраас Монгол Улсын шадар сайд, ХХААХҮЯ-нд эмч нарын хөдөлмөр хамгааллын хувцас, малын хашаа өтөг бууцыг ариутгаж халдваргүйжүүлэлт хийх ариутгалын бодис болон хөргүүр авах хүсэлт тавьсан байна.

Үүний  үр дүнд 810 кг ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, сум бүрт 1 хөргүүр, 350 орчим хөдөлмөр хамгааллын хувцас ирүүлжээ. Вакцинжуулалтын үед малын эмч нарыг гурван удаагийн ээлжийн хувцсаар хангах юм. 

Мөн бог малын мялзан өвчний вакцинжуулалтанд хяналт тавих ажлын хэсэг  байгуулагдаж, вакцинжуулалтын явцыг хянаж ажиллахаар боллоо.

А.Бямбасүрэн

                                                       

                               

相关新闻