Төрийн албаны шинэчлэлд гадаадын туршлага, хамтын ажиллагаа чухал нөлөө үзүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-07-04 13:52:22

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Манай улсад орчин цагийн төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх, энэ талын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход ихээхэн анхааран ажиллаж байна.


Монгол Улсын Төрийн албаны зөвлөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, АХБ, Канад, Австрали, Япон, БНСУ-ын төрийн алба, хүний нөөц хариуцсан байгууллагууд, олон улсын төслүүдтэй хамтран ажиллаж байна. Ялангуяа төрийн албан хаагч нарын ёс зүйн талаар, төрийн албыг бэхжүүлэх талаар Канад улсаас туршлага судлах, мэдээлэл, санал солилцох төслийг хэрэгжүүлж байна.

Энэ талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн өнөөдөр ГХЯ-нд Төрийн албаны тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос ГХЯ-тай хамтран зохион байгуулсан Монгол дахь олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгч, Элчин сайд нартай хийсэн уулзалт дээр мэдээллээ.




Тэрээр хэлсэн үгэндээ “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлогод чадварлаг, ёс зүйтэй, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх зорилго тавьсан. Улс орны төрийн алба хэдий чинээ тогтвортой, мэргэшсэн, улс төрөөс хараат бус, чадварлаг байна тухайн улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээг хамарсан өөрчлөлт, шинэчлэлийн үр дүн төдий чинээ сайжирдаг гэж үздэг.

Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн үе шатыг амжилттай хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, гадаад орнуудын хамтын ажиллагаа, та бүхний сайн туршлага, үр дүн, дэмжлэг туйлын чухал байдаг" гэв.


Төрийн албаны төлөвшил, чадвараас нийгмийн өөрчлөлт, шинэчлэл ихээхэн хамаардагийг хөндөн хэлэлцлээ.



Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс хэлэхдээ, Монгол Улс төрийн албан хаагчдынхаа ёс зүйн асуудалд анхаарч, бие даасан хууль болон Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан мөрдүүлж байна. Төрийн албанд ёс зүй, шударга байдлыг бүрэн нутагшуулахад Ёс зүйн хороо анхаарч, удирдаж ажиллана гэв.

Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Төрийн албаны шинэтгэл, үйл явц, үр дүн” сэдвээр, Ёс зүйн хорооны гишүүн, доктор Ш.Батсүх “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж” сэдвээр үндсэн хоёр илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн юм.





Уулзалтад БНХАУ, Канад, Казахстан, Чех, БНСУ, Лаос зэрэг 20 гаруй улсын Элчин сайд, зөвлөх, НҮБ зэрэг олон улсын байгууллагын суурин төлөөлөгч, ТББ-ын төлөөлөл оролцон санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал:

  • Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог зөв, сайн нэвтрүүлж, ажлын үр дүнгээс хамаарч шатлан дэвших зохицуулалтыг боловсронгуй болгох,
  • улс төрийн хэт их нөлөөллийг арилгах,
  • жендэрийн нөхцөл байдал, төрийн байгууллагын бүтэц, орон тоог оновчтой, үр ашигтай байлгах,
  • албан хаагчийн цалин, албан тушаалын ангилал, зэрэглэлийг нэгдсэн зарчим, бодлого, арга зүйгээр шинэчлэн тодорхойлох зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

Нэмж мэдээлэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдрийг “Төрийн албаны өдөр” тэмдэглэлт өдөр болгон шийдвэрлэж, тэмдэглэж эхэлж байна.

 

相关新闻