Монголын тенор А.Отгонболд Оросын сонгодог бүтээлүүдийн шилдэг дуучин болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-07-08 12:38:10

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Олон улсын дуурийн залуу дуулаачдын III уралдаан ОХУ-ын Тверь мужийн Драмын Эрдмийн театрт болж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.


Орос-Зөвлөлтийн дуурийн алдарт тенор, ЗХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин, Большой театрын домогт Ленский, Ленинградын Бага театрын "Травиата", Оросын Большой театрын "Вертер" дуурийн найруулагч Сергей Яковлевич Лемешевийн мэндэлсний 122 жилийн ойн хүрээнд тус уралдааныг зохион байгуулжээ.


ОХУ-ын Соёлын Яамны ивээл дор Тверь мужийн Засгийн газар, Соёлын яамнаас гурав дахь жилдээ зохион байгуулсан энэхүү уралдаанд Монгол, БНХАУ, Казахстан, Беларусь, Абхаз, Молдав, Бүгд Найрамдах Чуваш, Коми, Башкортостан зэрэг улсаас эхний шатанд тэнцсэн 18-32 насны 108 залуу дуучин Гран при шагналын төлөө өрсөлджээ.


Энэхүү олон улсын уралдааны тайзнаа энэ удаа Монгол Улсаас МУК-ийн төгсөгч, мэргэжлийн дуурийн залуу дуулаач, ОХУ-ын Гнесиний нэрэмжит Хөгжмийн академийн магистрантурт суралцаж буй сопрано Б.Оюу-Эрдэнэ, "Улаанбаатар" театрын гоцлон дуулаач Г.Алтанхуяг, А.Отгонболд, Б.Мөрөн нар Оросын болон дэлхийн сонгодог дуурийн бүтээлүүдээс эгшиглүүлэв. Уралдааны шүүгчид А.Отгонболдыг "Оросын сонгодог бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн" хэмээн онцолж, "Оросын сонгодог бүтээлүүдийн шилдэг дуучин" -аар өргөмжилжээ.


Залуу дуучин А.Отгонболд тенор хоолойтой. Тэрбээр 2022 онд Монгол Улсын Консерваторийг дүүргэсэн, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн шавь юм. 2023 онд Новосибирскийн консерваторийг дүүргэсэн, профессор Дмитрий Сусловын шавь гэдэг. Сүүлийн гурван жилийн туршид гадаадад болж буй олон улсын дуурийн томоохон, А болон B зэрэглэлийн өндөр чансаатай уралдаанд оролцон уран бүтээлээ тасралтгүй толилуулж буй мэргэжлийн дуурийн дуучин юм.


Сонирхуулахад, Сергей Лемешев Петр Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ленскийн дүрээр нутаг орноо Орос орон даяар төдийгүй дэлхийд алдаршуулж чадсан лирик /уянгын/ тенор хоолойтой гоц авьяастан юм. Оросын сонгодог бүтээлүүдээс Ленскийг 500 удаа дуулаад зогсохгүй П.Чайковскийн бүх 100 романсыг дуулж үзэгчдэд толилуулж чадсан цор ганц дуучин гэгддэг ажээ.


Волга мөрний хөвөөнөө 1135 онд байгуулагдсан Тверийн Эрдмийн филармоний тайзнаа болсон Сергей Лемешевийн Олон улсын дуурийн залуу дуулаачдын III уралдааны шүүгчээр Тверийн Эрдмийн Филармонийн найруулагч-уран сайхны удирдагч, ОХУ-ын Гавьяат жүжигчин, Бүгд Найрамдах Башкортостан улсын Ардын жүжигчин Владимир Белов тэргүүтэй ОХУ, Беларусь, Герман, БНХАУ-ын урлагийн нэрт зүтгэлтнүүд ажиллажээ.


Ташрамд дурдахад, 2022 онд С.Лемешевийн Анхдугаар уралдаанд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын "Байкал" театрт уран бүтээлээ туурвиж буй Б.Ганчимэг тэргүүн байрын шагналтнаар тодорч байжээ.


相关新闻