Сүхбаатар сумын хүн амын дунд сүрьеэ өвчний судалгаа хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Эрүүл мэндийн Газраас Сүхбаатар сумын хүн амын дунд сүрьеэ өвчний тархлатыг тогтоох зорилгоор бодит үзлэг, асуумж судалгаа, рентген эхо, бактериологийн шинжилгээ зэргийг үнэ төлбөргүй хийжээ.
Үзлэг шинжилгээнд нийт хүн амын 89 хувийг хамруулж ажилласан ба насанд хүрэгч 1586 хүнд үзлэг хийж асуумж судалгаа авчээ. Рентген шинжилгээнд 758 иргэн, ЭХО оношлогоонд 170 иргэнийг хамруулж, сүрьеэгийн шинэ тохиолдол 3-ийг илрүүлэн эмчилгээг эхлүүлээд байна.
3-16 насны 550 хүүхдэд сурьеэгийн сорил тавьснаас нийт 59 хүүхдэд сорил өндөр гарсан байна. Сорил өндөр гарсан сургуулийн 40 хүүхэд, цэцэрлэгийн 19 хүүхдийг онош тодруулах зорилгоор аймгийн нэгдсэн эмнэлэгт рентген шинжилгээ хийхэд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээнд 15 хүүхэд, горимын эмчилгээнд 6 хүүхэд хамрагдахаар болжээ. Эдгээр хүүхдүүдийг Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвийн хяналтанд сүрьеэгийн эмийг тасралтгүй уулгах нөхцлөөр хангах ажлыг зохион байгуулж, эмийн эмчилгээг эхлүүлээд байна.
Мөн эмнэлгийн мэргэжилтнүүд болон иргэдэд сүрьеэ өвчний тухай, орчны халдваргүйтгэл, хамгаалалт, эрүүл ахуйн дэглэмийн талаар сургалт зохион байгуулаад иржээ.
Т. Одончимэг