УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-07-09 12:18:16

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтлоо.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа Байнгын хорооны хуралдааныг даргалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулга хийж, УИХ-д суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нам, эвслээс сонгогдсон гишүүдийн тоог харгалзан Байнгын хороодыг хуваарилсан талаар мэдээлэл өгөв.


УИХ дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдан ажиллахаар боллоо. Энэ дагуу АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сонгох тухай асуудлыг танилцуулан хэлэлцүүлжээ. Түүний УИХ-д сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг харгалзан нэр дэвшүүлж буйгаа АН-ын бүлгийн дарга онцолжээ.


Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, Д.Батбаяр, Л.Мөнхбаясгалан нар төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, төвийн бүсэд хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломж, уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, Дархан-Уул аймагт байгуулагдах Аж үйлдвэрийн парк зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авав.


Мөн УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Д.Энхтуяа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин, Б.Пунсалмаа, Ж,Золжаргал, Г.Очирбат нар эрчим хүчний салбар томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарах, үйлдвэрлэлийг улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, дарамт, шахалт учруулахгүй байх, санхүү, татварын бодлогоор дэмжих, төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний зах зээлийг дэмжих дэд бүтэц, усан хангамжийг эрх зүйн орчныг сайжруулах, хүнд, хөнгөн үйлдвэр эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай нягт хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндөн үг хэлж, нэр дэвшигч, УИХ-ын гишүүн С.Ганбаатарт амжилт хүссэнийг УИХ-ын ХМОНХГ мэдээллээ.

 

相关新闻