ХӨВСГӨЛ: Арслан цол хүртсэн М.Баасанжавт хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Булган аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн М.Баасанжавт Хөвсгөл аймгийн үндэсний бөхийн холбооноос хүндэтгэл илэрхийллээ.
Булган аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат сумын заан М.Баасанжав түрүүлсэн юм.
Аймгийн арслан М.Баасанжав “Би Улсын харцага Г.Элбэг багшийн удирдлага дор 21 наснаасаа эхлэн монгол бөхийг сонирхон хичээллэж эхэлсэн. Хөвсгөл нутгийнхаа нэрийг дуурсгасан сайн бөх болох мөрөөдөлтэй. Өдөр бүр мөрөөдлийнхөө төлөө хичээсээр үр шимийг нь эхнээс нь хүртэж эхэлж байгаадаа баяртай байна. Баяр хүргэж, урам өгч буй бүх хүмүүст маш их баярлалаа. Цаашид улам их хичээх болно” гэдгийг хэлж байлаа.