“Ганга нуураа аваръя” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-11 11:58:51

Сүхбаатар аймгийн Оюутан залуучуудын хөгжлийн төв /САОЗХТ/-өөс санаачлан “Ганга нуураа аваръя” хандивын аян эхлүүлжээ.

Аяны хугацаанд хандивын хайрцгийг их дээд сургууль, аж ахуйн нэгж албан байгууллага, худалдааны төвүүдээр аялуулах юм. Улмаар цугласан мөнгийг Ганга нууранд нэн шаардлагатай байгаа хашаажуулах ажилд зарцуулах юм байна. Ганга нуурыг авран хамгаалах чиглэлээр маш олон байгууллага, хүмүүс дор бүрнээ зохих ажил, судалгааг хийж байгаа. Нуурыг хашаажуулахад ойролцоогоор 300 орчим сая төгрөг шаардлагатай юм байна.

Энэхүү аяныг Ганга нуураа хамгаалах сан ТББ, Сүхбаатар аймгийн НАМОХ хамтран зохион байгуулж байгаа юм. Аян энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

САОЗХТ нь байгуулагдаад 10 жил байгаа бөгөөд нутгийн оюутан залуучуудыг нэгтгэж, тэднийг идэвхжүүлэх урамшуулах олон төрлийн үйл ажиллагаа, уралдаан тэмцээн зохион байгуулдаг юм.

Ийнхүү Залуучуудын эхлүүлсэн ажлыг залуучууд нь үргэлжлүүлж, хувиараа болон байгууллагаараа нэгдэн дэмжиж, алдарт Ганга нуураа дуунд мөнхрөн үлдээх бус ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө хичээн зүтгэж байна.

Т. Одончимэг

 

相关新闻