Жеффри Сакс “Залуучууд ба тогтвортой хөгжил” сэдвээр залуучуудтай уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилж буй АНУ-ын Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс өнөөдөр залуучуудтай “Залуучууд ба тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд харилцан ярилцаж, зөвлөгөө өглөө.
Тэрбээр байгаль орчны манлайллын “Цэнхэр гаргийн шагнал”-ыг 2015 онд хүртсэн, “Time” сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 удирдагчийн тоонд хоёр удаа нэрлэгдэж байсан, нэр хүндтэй эдийн засагч юм.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Залуучууд, оюутны хөгжлийн бодлогын зөвлөх Д.Даваадорж болон эдийн засаг, технологийн чиглэлээр суралцдаг, ажилладаг залуусын төлөөлөл оролцов.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, “Залуучууд маань олон жил хөгжлийн бодлого боловсруулсан хүнээс үг сонсож, харилцан ярилцаж байна. Хөгжлийг яаж хэмжих ёстой вэ. Ядуурлыг хэрхэн бууруулах вэ зэрэг асуултад хариулт өгч байна. Мөн залуучуудын оролцоо хөгжлийн бодлогод хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаар сонирхолтой ярилцлага өрнүүлж байна. Жеффри Саксын айлчлалын хүрээнд дөрвөн гол үйл ажиллагаа, уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ нь залуучуудын энэхүү уулзалтаар дуусаж байна. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатартай албан ёсны уулзалт хийснээр айлчлал өндөрлөх юм” хэмээн ярилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Залуучууд, оюутны хөгжлийн бодлогын зөвлөх Д.Даваадорж, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд цахим номын санг бий болгосон. Хүртээмж маш сайн байна. Улсын хэмжээнд залуус маш сайн хэрэглэж байна. Энэ бол тогтвортой хөгжлийн зорилтыг хангах үндсэн чиглэлийн нэг хэсэг юм. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бодлогод залуучуудын оролцоо нэмэгдэж байна. Энэ нь маш сайн үзэгдэл. Залуу хүний хувьд үүнд баяртай байгаа. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар Узбекистан улсыг зорьсон. Тус улс залуучуудын хөгжлийн агентлагтай юм билээ. 18-40 насныхныг залуу хүн гэж тооцдог. Энэ насныханд зориулсан соёл, боловсрол зэрэг олон талт хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлж байна. Үүний нэгэн адил бид ч гэсэн сурагч, оюутан, залуучуудын холбоо гэсэн гурван байгууллагатай хамтран нээлттэй ажиллаж байна. Залуучууд маань өөрийнхөө ойлгогдох хэлээрээ Ерөнхийлөгчтэй, улстөрчидтэй уулзах боломжийг бид нээж өгч байгаа юм. Олон талт бодлоготой, олон ургалч үзэлтэй залуучуудтай уулзсанаар зөв бодлоготой эрүүл орчин бий болно гэж үзэж байна” гэв.