Усанд осолдохоос сэрэмжлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-16 15:33:15

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагад он гарснаас хойш нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд усанд живсэн 79 дуудлага бүртгэгдснээс 65 иргэн амиа алдсан харамсалтай тоо баримт байна. Усны ослоос 11 хүний амь насыг аварчээ.


Улсын их баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10-15-нд нийслэлийн 2 дүүрэг, 7 аймгийн 10 суманд 24 хүн усанд /том хүн 22, хүүхэд 2/ живж нас барж, хоёр хүнийг аварсан байна. Харин өчигдрийн байдлаар усанд осолдсон хоёр иргэнийг эрэн хайж байгаа аж.


Баяр наадмын амралтын өдрүүдэд сүүлийн 5 жилд гэхэд усны ослоор жилд дунджаар 17 хүн амиа алджээ. Усанд живж амиа алдсан шалтгаан нөхцөлийг судлахад усанд сэлэх гэж орох, тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг морьтой гол гатлах, хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсноос үүдэж байна.


Иймд ОБЕГ-аас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

-Сайн мэдэхгүй гол, нуур, усанд орохгүй, сэлэхгүй байх;

- Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг хүлээн авч аялах, амрах зугаалахдаа ашиглах;

- Тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр баталгаагүй гүүр, гарц гарамгүй газраар ус гатлахгүй байх;

- Хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандартын бус хийлдэг завь, гудас, тоглоом ашиглахгүй байх;

- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх;

- Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг хүлээн авч дагах, шаардлагыг биелүүлэх;

- Малчид, иргэд голын эрэг дагуу бууж, суурьшихгүй байхыг онцгойлон анхааруулжээ.

相关新闻