44 сорьцод допингийн төрлийн хориотой бодис илрээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-17 14:41:58

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, 16 харваачаас авсан допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийв.


Энэ үеэр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа, “Германы Дрезден хотын лабораториос 2024 оны долоодугаар сарын 15-ны орой 22:00 цагт цахим шуудангаар нийт 44 сорьцын хариуг МОНАДА-д ирүүлсэн. Энэхүү 44 сорьцод допингийн төрлийн хориотой бодис илрээгүй байна. Харин дөрвөн сорьц нь лабораторийн нарийвчилсан шинжилгээнд орж байгаа тул хариу ирээгүй” хэмээн ярилаа.


ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар, “Энэ удаагийн баяр наадмын үеэрх допингийн шинжилгээний хариуг богино хугацаанд гаргуулах боломжтой лабораторийг МОНАДА санал болгосон.  Допингийн шинжилгээний сорьцыг хүлээж авснаас хойш тухайн лаборатори 48 цагт багтаан эхний эерэг, сөрөг цаашлаад нарийвчлан шалгах шаардлагатай гэдэг хариуг ирүүлсэн. Допингийн эсрэг байгууллагынхны хэлж буйгаар 44 сорьцын хариу ирсэн. Дөрвөн сорьцын шинжилгээг нарийвчлан шинжилж байна. Дөрвөн хүний лабораторийн хариу эцэслэгдээд үнэхээр допингийн зөрчил илэрсэн тохиолдолд үр дүнгийн удирдлага хэрэгжүүлэх олон улсын стандартын дагуу багийг томилно. Үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх баг допинг илэрсэн бөхчүүдтэй уулзаад, ямар зөрчил илэрснийг танилцуулж, “Б” сорьцоо өгөх эсэх ажиллагааг зохион байгуулна. Тамирчид допингийн шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нэр нь тодорхой болж зарлагдана” гэв.


Допингийн хариуны үйл явц эхлээд сэжигтэй байж болзошгүй тоог зарлах боломжтой байдаг. Хэрэв илэрсэн тохиолдолд тухайн хүнд мэдэгдэнэ. Тухайн хүн хүлээн зөвшөөрөхгүй бол “Б” сорьцыг дахин шинжлүүлэх эрхтэй. Улмаар 14-21 хоногт шинжилсний дараа илэрсэн бөхийн нэрийг олон нийтэд зарладаг журамтай билээ. 

相关新闻