ХӨВСГӨЛ: Тосонцэнгэл сумын 100 жилийн баяр наадмын хойморт “Хар морьт” сахиусаа заллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-18 17:06:32

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үеэр "Хар морьт" сахиусаа залж хүндэтгэл илэрхийллээ.


Ахай бэйсийн хошууны нандин их шүтээн Хар морьт сахиус нь Тосонцэнгэл сум төдийгүй Мөрөнгийн хүрээний гол шүтээн юм.






 Хар морьт сахиусыг гол шүтээнээ болгон тахих болсон тухай домог байдаг.


Ахай бэйсийн хошууны Тоба дархан гүн хошуу нутгаасаа өөрийн бар тамгаа авч явсаар Хөх нуурын монголчуудын байсан газар хүрч айлд хонь хариулан амьдарч байсан гэдэг.


Гэтэл тэр айлын дэргэд байдаг сүмийн цорж лам Жагарвай гэрийн эзнээс "Ойрд би бар, арслан зүүдлэх боллоо. Танайд байгаа хүнд л учир бий биз. Юун хүн танайд байгаа вэ" хэмээн асууж гэнэ.


Гэрийн эзэн ч Тоба дархан гүнийг мэдэхгүй тул хонинд явсан хойгуур үүргэвчийг нь задалж үзээд тайж хүний бар тамга байхыг олжээ. Ингээд ноён язгууртай болохыг нь мэдэж гэнэ. Харин цорж лам Жагарвай өөрийн зээ охин Чоглонамжилыг хатан болгон өгчээ.




Тоба дархан гүн, Чоглонамжил хатны ахмад хөвгүүн Дашпунцаг 1702 онд Хөхнуурт мэндэлсэн.

Тэрээр эхнэр хүүхэд, өмч хөрөнгөө аваад нутаг руугаа ирэх замд одоогийн Их-Уул сумын нутагт зүүн Асгат гэх газар явж байтал хатны инжинд ирсэн сахиусыг ачиж явсан тэмээ босохгүй хэвтээд байж гэнэ.


Энэ учир явдлыг тайлахаар Жалханз хутагт руу элч илгээтэл "Сахиусыг тэнд нь өргөө гэр барьж Ахай бэйсийн хошууны гол сахиус болгон шүтэх хэрэгтэй" хэмээн айлджээ.

Ийнхүү Хар морьт сахиусыг үеийн үедээ шүтэх болсон юм гэж Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдийн хамба лам Д.Хоролбат ярилаа.





相关新闻