Монгол Улсын баг тамирчид Олимпын 15 дахь наадамдаа оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-27 09:19:01

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 27 /МОНЦАМЭ/. "Парис-2024" зуны Олимпын наадам үүдээ нээж, Монгол Улсын 32 тамирчин спортын есөн төрөлд хурд, хүчээ сорьж байна.


Францын нийслэл Парис хотноо зуны Олимпын наадам 100 жилийн дараа дахин болж буй энэ онцлог мөчлөгт Олимпын спортын талбарт таван тивийн 206 орны шигшмэл 10,500 тамирчин ур чадвараа сорихоор хуран чуулжээ.



Зуны олимпын наадамд манай улсын баг тамирчид 60 жилийн тэртээ анх оролцож эхэлсэн бөгөөд өдгөө 30 /хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл/ медаль хүртээд байгаа. Эдгээр амжилтыг чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын спортын тамирчид тамгалсан түүхтэй.


Ташрамд, Олимпын наадмын Монголын тамирчдын онцлох амжилтыг эргэн сануулахад, анхны медалийг чөлөөт бөхийн төрөлд Ч.Дамдиншарав /Мехико-1964/ хүрэл медаль, анхны алтан медалийг жүдо бөхийн төрлөөр Н.Түвшинбаяр /2008 онд/ хүртсэн бол, анхны медаль авсан Монгол эмэгтэй тамирчин буудлага спортын Д.Мөнхбаяр /1992 онд/ юм. Харин олимпын анхны мөнгөн медалийг Ж.Мөнхбат хүртсэн бол "Лондон-2012" Олимпоос хамгийн олон буюу нийт таван медальтай ирж байв. Одоогоор Монгол Улсын жүдочид 11, чөлөөтийнхөн 10, боксчид долоо, буудлагынхан хоёр медаль хүртээд байгаа билээ. 


Харин “Лос-Анжелес-1984" олимпын наадмыг өнжиж, "Токио-1964”, "Сидней-2000" Олимпын наадмаас медальгүй ирсэн түүх бий. Тэгвэл түүхэндээ хамгийн цөөн тамирчинаа илгээсэн Олимп нь "Атланта-1996" /18 тамирчин/, хамгийн олон спортын төрөлд тамирчнаа оролцуулсан нь "Москва-1980” болон энэ удаагийн Парисын Олимп гэдгийг Биеийн тамир, спортын улсын хороо мэдээлжээ.  

相关新闻