Өмнөговь аймагт “Welcome home-3” түр үзэсгэлэнг толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд “Welcome home-3” түр үзэсгэлэнг наймдугаар сарын 25-наас дэлгэнэ.
Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” үйл ажиллагааг тусгасны дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас соёлын өвийг гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэргийг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.
Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг 2013 оноос эхлэн эх орондоо авчирч, одоогоор 5 дахь удаагаа татан аваад байна.
Орчин цагийн музей хөгжсөний 100 жилийн ойд зориулан эх орондоо эргэн ирсэн болон Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалж буй олдворуудаар өнгөрсөн гуравдугаар сард “Welcome home” түр үзэсгэлэнг Байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд, “Welcome home-2” түр үзэсгэлэнг зургаадугаар сард Хүүхэд, залуучуудын театрт дэглэж олны хүртээл болгож байв. Үзэсгэлэнд Тарвозавр Батаар, Протоцератопс тэргүүтэй 4 төрлийн 11 ширхэг үлэг гүрвэлийн гавлын ясны олдворуудыг дэглэсэн юм.
“Welcome home-3” түр үзэсгэлэн 9 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал олны хүртээл болох тул Даланзадгад хотын иргэд болон тус хотод аялж байгаа гадаад дотоодын жуулчдыг Говийн байгаль, түүхийн музейгээр зочлон түүхийн нэгэн цаг хугацаагаар аялахыг Говийн байгаль, түүхийн музей урилаа.