ЗАВХАН: Тодорхой судалгааны дүнд ойн хөнөөлт шавжтай тэмцдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-07-30 16:02:28

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Их-Уул сумын нутагт орших Тарвагатайн нурууны ойн санд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийжээ.


Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг "Мөнх ногоон жодоо" ХХК гүйцэтгэж, 5 га орчим талбайд биологийн аргаар тэмцжээ.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулахын зэрэгцээ ой модоо хөнөөлт шавжаас хамгаалах, устгалыг цаг хугацаанд нь чанартай хийх, нөхөн сэргээхэд онцгой анхаарах хэрэгтэйг Ерөнхийлөгч онцолсон.


Тиймээс ойн санг хамгаалах, хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг тодорхой судалгааны хүрээнд жил бүр хийдэг. Манай Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын ойн сан нь Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Архангай аймгийн Цахир сумын нутгийг хамарсан 108667 га талбай юм. Үүний 3173700 шоо метр нь Их-Уул сумын нутагт байдаг.


Их-Уул сумын ойн санд шинэс, хуш зонхилсон, насны хувьд дунд насны, болц гүйцэж яваа, болц гүйцсэн гэсэн насжилттай. 


Ойн санд учруулж буй сөрөг нөлөөлөл нь ойн түймэр, ойн хөнөөлт шавжийн хөнөөл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй. 2002 онд Тарвагатайн нурууны ойн сангийн 49 хувь нь түймэрт өртсөн. Судалгааны мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр шатсан ойд цэвэрлэгээ хийх шаардлагатай гэж гарснаар 2010 оноос ойн цэвэрлэгээний ажил хийж байна. Мөн шатсан ой өөрийгөө нөхөн сэргээж, сэргэн ургалт маш сайн байгаа.


Тарвагатайн нурууны бүс нутгийн тайгын шинэсэн ойд ерөнхийдөө сэрүүн уур амьсгалтай учраас навч шилмүүсний хөнөөлт шавжийн тархалт, олшрол бусад аймагтай харьцуулахад харьцангуй бага хэдий ч 2008-2011 онд Завхан аймгийн шинэсэн ой бүхий хэд хэдэн суманд эгэл бийрэн сүүлт эрвээхэйн тархалт ихэсч байсан.


Тосонцэнгэл, Их-Уул суманд 2011 онд 58097 га-д судалгаа явуулсан. Энэ судалгаагаар Тосонцэнгэл сумын Хуурайн дөрөлж, Шивэртий, Гунзан Хэцийн мухар, Өвөлжөө бургаст, Түргэн, Мэргэн зэрэг газарт эгэл бийрэн сүүлт эрвээхэйн голомттой байсан нь тогтоогдож байсан.


Тэгвэл сүүлийн хоёр жилд Их-Уул сумын ойн санд якобсоны төөлүүрийн тархалт их байна. Якобсоны төөлүүр эрвээхэйн олшролын эхлэлийн үед тархалтын талбай бага, хөгжлийн үе шатны амьдралт 60-70 хувь түүнээс дээш байх үед тэмцлийн ажлыг хийж байна. Ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг тодорхой судалгааны дүнд биологийн аргаар зөв цаг хугацаанд нь явуулах нь үр дүнтэй юм гэж Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.


Якобсоны төөлүүр, ойн хөнөөлт шавж



Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж байна

 

相关新闻