ЗАВХАН: Анхны улсын тэргүүний цэцэрлэг 80 жилийн түүхтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-10 14:41:40

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улиастай сумын улсын тэргүүний хоёрдугаар цэцэрлэгийн 80 жилийн ой тохиож байна.

Цэцэрлэгийн түүхэн ойн баярын үйл ажиллагаанд аймаг сумын удирдлагууд, ахмад багш ажилтнууд, тус цэцэрлэгт хүмүүжиж байсан хүүхдүүдийн төлөөлөл 70 гаруй хүн оролцож байна.


1945 онд нэг бүлэг, 25 хүүхэд 3 багш, ажилтантай “Артелийн цэцэрлэг” нэртэй байгуулагдаж байсан тус цэцэрлэг өдгөө 7 бүлэг, 200 гаруй хүүхэд, 27 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн аймгийн Онцгой байдлын газартай хамтран тусгай салбар бүлгийг хичээллүүлж байна.


Завхан аймаг сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг сайжруулахад онцгой анхаардаг.


Энэ онд тус цэцэрлэгийн орчин нөхцлийг сайжруулах, гадна тохижилт, камержуулалтад зориулан 90 орчим сая төгрөгийн дэмжлэгийг орон нутгаас үзүүлсэн гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Сонирхуулахад, тус цэцэрлэг 1992 онд Улиастай сумаас хамгийн анх “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарч улс, орон нутгийн түвшинд тэргүүн туршлагаа нэвтрүүлж байжээ.

Улиастай сумын 200 гаруй хүүхэд хүмүүжиж байна 

Цэцэрлэгийн ойдоо зориулж хүүхэд бүр зураг зурж бүтээлийн үзэсгэлэн дэлгэжээ 

Багш, сурагчдын хамтарсан тоглолтыг үзүүлэв


相关新闻