ӨВӨРХАНГАЙ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд Өвөрхангай аймгийн төвийн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж байна. Өчигдөр 17:00 цагийн орчимд аймгийн төвөөс зүүн тийш 10 км-т болон Тарагт сумаас зүүн тийш 45 км-т аадар бороо орж, аянга буусны улмаас 17 бог мал хорогдсон. Өнөөдөр малын сэг, зэмийг устгаж байна.
Мөн Хужирт-Арвайхээр чиглэлийн А08 дугаартай авто зам дахь модон гүүр аадар борооны улмаас нурж, зорчих боломжгүй болсон байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний албаны мэдээлснээр энэ
долоо хоногийн турш ихэнх нутгаар бороотой байх бөгөөд 8 дугаар сарын эхний өдрүүдэд дуу
цахилгаантай усархаг бороо орох юм. Иймд аянга цахилгаан, мөндөр, үер уснаас
болгоомжлохыг сэрэмжлүүллээ.