Жирэмсэн эхэд олгох тэтгэмжийн тухай хуулийн төслийг удахгүй өргөн барина гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-11 19:39:33
Yesukheitumur Tumurbaatar

УИХ-ын дарга М.Энхболд болон Засгийн газрын гишүүдийн төлөөлөл Зуунмод сумын ард иргэдтэй уулзаж иргэдийн санал бодлыг нь сонслоо. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр,  Эрчим хүчний сайд  П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын үеэр  М.Энхболд Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон 2016 оны төсвийн тодотгол, намрын ээлжит чуулганаар шинээр батладсан хуулиудын талаар танилцуулж өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэд мөн шинэ Засгийн газар байгуулагдаад 100 хоногт авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар иргэдэд танилцуулсан юм. Тухайлбал оюутны зээл болон ахмад настнуудын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэсэн талаар онцолж байлаа.

Харин иргэдийн зүгээс тулгамдаж байгаа асуудлуудын талаар болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зарим бодлогын талаар онцлон асууж тодруулав. Тухайлбал хүүхэд харах үйлчилгээ, оюутан болон МСҮТ-ийн хүүхдүүдийн 70 мянга, хүүхдийн мөнгө, ахмад настаны тээвэр, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэх боломж болон хүндхэн байгаа Зуунмод сумын зам тээврийн асуудал, аймгийн нийтийн тээврийн асуудал, жирэмсэн эхэд олгох тэтэгэмж зэрэг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар асууж байв. Мөн ажилгүйдлийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар зохион байгуулагчдаас тодрууллав. Ингээд УИХ-ын дарга М.Энхболд болон бусад албны хүмүүс иргэдийн зүгээс асуусан асуултанд тодорхой хариулт өгсөн юм. Мөн ирэх долоо хоногт жирэмсэн эхэд олгох тэтгэмжийн цогц хуулийн төслийг яаравчлан өргөн барихаар болсон талаар онцолсон юм.

Ингээд иргэд орон нутгийн сонгуульд амжилт хүсээд хамгийн гол нь нам гэж талцалгүй улс орноо хямралаас гаргаж ажиллахыг чин сэтгэлээсээ хүсч буйгаа илэрхийлж байв.

Энэ удаагийн сонгууль улс орноо хүндхэн байдлаас авч гарах чухал алхмуудыг шийдэх тул сонгуульдаа идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдаас уриалсан юм.

Т.Есүхэйтөмөр

 

相关新闻