Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др.Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др.Алеш Мусар болон
дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсыг
хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аленка Сухадольник нар угтан авлаа.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,
Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар албан ёсны
хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын
төлөөлөлд мэдээлэл өгнө. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт
бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.
Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар төрийн айлчлалынхаа хүрээнд
“Ой тогтвортой байдал, эмэгтэйчүүд” хөтөлбөр, бизнес форум, Улаанбаатар хотноо
зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэгт оролцохоор
төлөвлөж байна.
БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
НАТАША ПИРЦ МУСАРЫН ТОВЧ НАМТАР
Төрсөн огноо, газар: 1968 оны 5 дугаар сарын 9-ний өдөр
Любляна хотод төрсөн
Боловсрол:
1988-1992 Люблянагийн
их сургуулийг Хууль зүйн бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн.
1997 онд Хуульчийн
мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн.
1995-1996 Манчестер
хот дахь Салфордын их сургуульд Олон Улсын сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил
дээшлүүлсэн.
2012-2015 Вена
хотын их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан
байдал:
1989-1990 “Adria
Airways d.d” компанид онгоцны үйлчлэгч
1990-1992 “Croatian
Airlines d.d” компанид онгоцны үйлчлэгч
1990-1996 Словенийн
Үндэсний радио, телевизэд хөтлөгч, сурвалжлагч
1996-2001 Словенийн
POP TV-ийн оройн мэдээний хөтлөгч, сурвалжлагч
2001-2003 Хувийн
санхүүгийн зөвлөгөө, үйлчилгээ эрхэлдэг “Aktiva Group”-ийн Олон нийт, хөрөнгө
оруулагчдын харилцааны хэлтсийн дарга
2003-2004 Улсын
Дээд шүүхийн сургалт, мэдээлэл харилцааны төвийн захирал
2004-2014 Иргэд,
хуулийн этгээдэд хамаарах хувийн мэдээллийг хамгаалах, мэдээллийн эрх чөлөөний
тухай хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий комиссар
2009-2013 Евро-полтой
хамтарсан хяналтын байгууллагын Дэд Ерөнхийлөгч
2013-2014 Евро-полтой
хамтарсан хяналтын байгууллагын Ерөнхийлөгч
2015-2022 Пирц
Мусар болон Лемут Штрле хуулийн фирмийг үүсгэн байгуулагч, хуульч, захирал
2021-2022 Словенийн
Хуульчдын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
2022.12.23-аас Бүгд
Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч