ICAPP: Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан амжилттай болж, Улаанбаатарын тунхгийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-08-20 15:25:45

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан "Ази, Номхон далайн бүсийн эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь" сэдвийн дор Улаанбаатарт энэ сарын 18-19-нд амжилттай болж өндөрлөв.


БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал (ICAPP)-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэнээрээ онцлогтой юм.


Манай улсаас хамгийн анх Монгол Ардын Нам 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдааныг Улаанбаатарт ийнхүү зохион байгуулав. Энэ удаагийн хуралдаанд Ази тивийн 15 улсын 20 гаруй улс төрийн намын эмэгтэй гишүүдийн 40 орчим төлөөлөл оролцлоо. Энэхүү хурлын Эмэгтэйчүүдийн жигүүрийн тэргүүнээр Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Номин ажилладаг юм.

Тэрбээр хуралдааныг нээж хэлэхдээ, “Өнөөдөр бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний улс төрд оролцох боломжийг өргөжүүлэх зорилготой. Энэ нь дэлхийн хэмжээнд жендэрийн тэгш байдлыг хангасан үзэл санаатай нийцэж байна. Та бид хамтдаа Ази тив болоод бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, тогтвортой хөгжил, жендэрийн тэгш байдлыг хангах томоохон алхмыг хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Бидний хамтын ажиллагаа Азийн улс орнуудын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэв.

Мөн Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар оролцож үг хэллээ. Тэрбээр, “Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын төлөөллийн чадавхыг сайжруулах хүрээнд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж, жагсаалтыг хүйсээр сөөлжлөн бичиж, 30 хувийн хүйсийн квотоо хадгалснаар парламент дахь эмэгтэйчүүдийн тоо анх удаа 25.4 хувьд хүрлээ. Энэ нь Монгол Улсын парламентын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд Ази, Номхон далайн орнуудын дунджаас 4.2 хувиар давж, дэлхийн дундаж болох 26.9 хувь руу дөхсөн төдийгүй өмнөх сонгуулийн үр дүнгээс даруй 8.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Мөн шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуульд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар олон дэвшилтэт заалт тусгаж, хэрэгжүүлж эхлээд байна. Энэ бүх өөрчлөлтийг дэлхийн олон улс төрийн нам сайшааж, сайн туршлагаар нэрлэж байгаад эрх барьж буй намын Ерөнхий Нарийн Бичгийн даргын хувьд талархаж байна” гэв.

Хуралдааны үеэр зарим төлөөлөгч илтгэл тавьсан юм. БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Ким Жэ Вон “Парисын Олимп өндөрлөөд удаагүй байна. Олимпод амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүд тусгайлан баяр хүргэе. Улсынхаа эмэгтэй хууль тогтоогчийн хувиар би жендэрийн тэгш байдалд ямагт дуу хоолойгоо хүргэж ажиллахыг хичээдэг. Улаанбаатарт болж буй хурлаар дамжуулан эв санаагаа нэгтгэн ажиллахыг уриалж байна” хэмээлээ.


Индонез улсын төлөөлөгч Пражна Парамита “ICAPP-ын хурлыг зохион байгуулсан Монгол Улсын талд талархлаа. Манай улсад эрчүүд бүхий л салбарт манлайлдаг. Гэхдээ эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцын гишүүн орон. Ингэснээр дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгож байна. Улстөрчдөд хандан уриалга гаргаж, квот тогтоосноор сүүлийн арав гаруй жилд сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн. Үүний үр дүнд улсынхаа Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүнд итгэл хүлээлгэн сонголоо. Мөн парламентын эмэгтэй гишүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэж дотоодын нийгмийн өөрчлөлт, ололт амжилтаас дурдлаа.




相关新闻