Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-08-22 09:12:43

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг нээлээ.


Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар нээж үг хэлсэн юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц-Мусар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Тэргүүн хатагтай Айгүл Жапарова, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дэд ерөнхийлөгч Пани Ятоду зэрэг зочид төлөөлөгч тус тус үг хэлэв. Тус чуулга уулзалт нь Монгол Улс дэлхийн тавцанд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй санал санаачилга, үйл ажиллагаагаа дахин нотолж буй хэрэг бөгөөд олон улс орны төр, засгийн, олон улсын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид, нийгмийн зүтгэлтэн зэрэг манлайлагч эмэгтэйчүүд оролцож байна.



Чуулга уулзалт үндсэн хуралдаанаас гадна зургаан салбар хуралдаан, нээлт, хаалт гэсэн хэсгээс бүрдэж буй. Үүнд,

-Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо

-Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг

-Дижитал эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо

-Жендэрийн тэгш эдийн засаг

-Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө

-Спорт, урлаг, соёлын салбар дахь жендэрийн тэгш байдал юм. Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжлэх чуулга уулзалтаар салбар хуралдааны зөвлөмжүүдийг нэгтгэн, төгсгөлийн баримт бичиг гаргана.



Энэ удаагийн чуулга уулзалт 1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаас хойш Ази тивд болж байгаа хамгийн өргөн цар хүрээтэй  уулзалт юм. 


2022 онд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хуралд 30 гаруй орны энхийг сахиулагч эмэгтэйчүүд оролцсон. Мөн өнгөрсөн онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Ази тивдээ анх удаа зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, түүн дотроо жендерийн эрх тэгш байдлыг хангах, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэхэд  өөрийн хувь нэмрээ  оруулсан билээ.


Монгол Улс жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр бүс нутаг төдийгүй олон улсын түвшинд идэвх, санаачилгатай ажилладаг, дэлхийн орнуудын анхаарлыг татаж буй орны тоонд ордог юм.



Чуулга уулзалтын хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгуудыг хэрэгжүүлэхэд гар бие оролцож байгаа үе үеийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн үйл хэргийг харуулсан “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн гарах юм.

相关新闻