Үерийн улмаас эвдэрсэн авто замуудыг шуурхай сэргээн засварлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд үүрэг болгов.
Түүнчлэн улсын чанартай авто замын сүлжээний байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон байна. Улсын чанартай авто зам, замын байгууламжид үүссэн гэнэтийн эвдрэлийг сэргээн засварлахад шаардагдах 4.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах аж.
Цаашид байгалийн гэнэтийн хүчин зүйлсээс шалтгаалан улсын чанартай авто зам, замын байгууламжид үүссэн саадыг арилгах, эвдрэлийг сэргээн засварлах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай зардлыг Улсын авто замын сангаас санхүүжүүлэх боломжийг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтанд даалгалаа гэж Засгийн газрын ХМОНХА-наас мэдээллээ.