ТӨВ: Уран бичлэгийн улсын уралдааны шалгаруулалт Дэлгэрхаан суманд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ![](/files/66d03d824b5fe.jpeg)
Зуунмод, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” уран бичлэг, үзэсгэлэнгийн улсын уралдааны шалгаруулалт 9 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Дуутын хадны дурсгалт газарт болно.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Үндэсний бичиг соёлын жил болгон зарлаж, Цогт хун тайжийн дурсгалт газар болох Дуутын хадны бичээсийн 400 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гарсан.
Энэ хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей, “Хөх бичиг” бичиг соёлын академи, Төв аймгийн Соёл, урлагийн газар хамтран “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” уран бичлэгийн үзэсгэлэн, улсын уралдааныг өнгөрсөн зургаадугаар сард бүх насныханд зориулан зарласан юм.
Уралдааны зорилго нь олон нийтэд үндэсний бичгийн өв соёлыг сурталчлах, жил бүр зохион байгуулж, бүс нутагт шилдэг бүтээлд тулгуурласан монгол уран бичгийн музей байгуулах юм.
Уралдаанд оролцогчдын мэдүүлгийг 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн 209 тоотод хүлээн авч байна.