Ховд, Хөвсгөлөөс бусад аймагт тарвага агнуулахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайдын 2021 оны тушаалаар Монгол орны тарваганы нөөцийг хамгаалах, тархац нутагт халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхээр тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг 3 жилийн хугацаагаар хориглоод байгаа.
Хорионы хугацаа энэ онд дуусаж байгаа тул тарваганы нөөц, тарваган тахлын идэвхжил зэргийг харгалзан, агнах тоо хэмжээний дээд хязгаарыг баталж, Ховд аймагт 1500, Хөвсгөл аймагт 240 толгой тарвагыг ахуйн зориулалтаар агнуулахаар шийдээд байна. Ховд, Хөвсгөл аймаг амьтан агнах эрхийн бичгийг авсны үндсэн дээр агнах боломжтой. Харин тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулаагүй бусад аймагт тарвага агнах боломжгүй. Хэрэв хууль бусаар агнавал Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.
Мөн Амьтны тухай хуульд зааснаар тарвагыг жил бүрийн 8
дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд агнана.
Ингэхдээ тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот,
тосгонд оруулахыг хориглодог. Эрхийн бичгээ авч агнасан иргэд түүхий мах,
нойтон, халдваргүйжүүлээгүй арьсыг хот, суурин газарт оруулахгүй байж, тарвагыг
нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи тавих, нохойгоор бариулах зэрэг зориулалт
бусаар агнахыг хориглодог.
Монгол Улсын 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэрт тарваган
тахал өвчний байгалийн голомтын тандалт судалгааг хийхэд 443,3 км/кв буюу 28,3
хувь нь тахлын голомттой нь тогтоогджээ. Мөн сүүлийн жилүүдэд 15 аймгийн 78
суманд тахлын голомт идэвхтэй, хүний өвчлөл бүртгэгдэх эрсдэлтэй байгааг БОУАӨЯ
мэдээлэв.