Ухаалаг дельфинүүдийн тоглолт сарын турш үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-13 14:41:18

“Монре транс" компанийн урилгаар ОХУ-ын "Московский Дельфинарий" явуулын цирк "Далайн амьтдын тоглолт"-ын анхны үзүүлбэрээ өчигдөр Монголын үзэгчдэд толилууллаа.

Тус циркийн Васия, Катея, Дисень нэртэй аав, ээж, хүү ухаалаг 3 дельфин хоёр амьтан сургагч, нэг туслах багш гээд нийт таван хүний бүрэлдэхүүнтэй  өнгөрсөн амралтын өдөр манай улсад ирсэн юм. Тэдэнтэй далайн хав ирэх байсан ч тодорхой шалтгааны улмаас боломжгүй болжээ. Тэд зориулалтын халаалтын төхөөрөмж, агааржуулагч бүхий тоглолтын асар, техник хэрэгсэл, усан сан зэргийг Москва хотоос зөөвөрлөн авчирсан байна. Тэд 500 метр куб хэмжээтэй усанд байрлаж байгаа бөгөөд гурван метрийн гүнтэй, 18 хэмийн дулаантай аж.

Нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа тус цирк анхны тоглолтоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон асрамжийн газрын хүүхдүүдэд үнэ төлбөргүй сонирхуулсан юм.

Тэд нийт 500 хүний суудалтай асарт лхагва, пүрэв, баасан гарагт 18:00 цагаас, бямба, ням гарагт 12:00, 15:00, 18:00 цагаас сарын хугацаатай тоглох юм. Тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 15-30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд гурав хүртэлх насны хүүхэд төрсний гэрчилгээгээ авч очоод үнэгүй үзэх боломжтой. Тоглолтын үеэр дельфиний чихмэл, дельфиний зурагтай түлхүүрийн оосор, аяга, цаг, тоглоом, хүзүүний зүүлт, бөмбөлөг зэргийг худалдан авах боломжтой.

Дашрамд сонирхуулахад, ухаалаг дельфинүүдийг сарын турш хооллохын тулд ОХУ-аас таван тонн орчим далайн загас авчирчээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻