БАЯНХОНГОР: Цас орж хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-17 10:48:06
Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Энэ сарын 18, 19-нд Баянхонгорын хойд хэсгээр ахиу цас орж, хүйтэрнэ. Тухайн нутгаар шөнөдөө -2-5 градуст хүрч хүйтрэн өдөр орж хайлсан цас, хүйтэн борооны ус шөнөдөө хөлдөж хот хоорондын автозам дээр халтиргаа гулгаатай, осолтой нөхцөл байдал (гялтгар мөсөн давхарга үүсдэг) үүсэхээр байгааг Онцгой байдлын газраас мэдээлэв.

Тиймээс орон нутгийн замд зорчих иргэд анхаарал болгоомжтой, бага хурдаар зорчих, даваа гүвээ ихтэй газраар хүнд даацын ачаатай автомашин, үүний дотор шатахуун тээвэрлэж буй ачааны автомашин -зам мөстсөн цагаар яаран зорчилгүй тэвчээртэй хүлээж, автозам дээрх цас мөс бүрэн хайлсны дараа зорчихыг онцгойлон анхаарууллаа.

Энэ сарын 18-22-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг аймгийн УБУОША-наас ирүүлэв. Мэдээллээр, 18, 19-нд хангайн уулархаг нутаг, хээр талын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 18, 19-нд говийн нутгаар 10-12 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсч явган шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 5-10м/с.

Агаарын температур хангайн уулархаг нутгаар шөнөдөө -0...-5 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус дулаан, хээр талын нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, говийн нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байх юм байна. Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.
相关新闻