Хог хаягдлыг булж устгахгүй, 2026 оноос эхлэн шатааж эрчим хүч гаргаж авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод одоогоор Улаанчулуут, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт жилд 400 мянга гаруй тонн хог устгаж байна.
Хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булдаг.
Хог булж устгах арга нь метан хийг их ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө
ихтэй. Тэгвэл 2026 оноос хогийг булж устгахгүйгээр шатаах арга хэрэглэж эрчим
хүч гаргаж авах, үлдэгдэл үнс нурмаар явган замын хавтан хийх боломжтой болж
байгааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар
барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр мэргэшсэн судлаач
Э.Одонтуяатай уулзах үеэрээ онцлов.
Хотын дарга, “Хогоо шатааж эрчим хүч гаргаж авахын тулд Цагаан даваа,
Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүр нь 24 мегаваттын эрчим хүч
гаргах чадалтай хог шатаах үйлдвэр төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.
Гэрээг энэ оны сүүлчээр үзэглэнэ. Мөн, хатуу хог хаягдлыг дахин боловсруулж,
барилгын материал болгох төслийг Европын сэргээн босголтын банктай хамтран
хэрэгжүүлж дуусаж байгаа”-г тэмдэглэсэн юм.
Түүнчлэн, Нарангийн энгэрийн буюу Улаанчулуутын хогийн цэгт
хий шатаах байгууламж барих төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлэх хэлэлцээр хийж
байгаа. Хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах, боловсруулж барилгын материал
үйлдвэрлэхийн тулд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хог хаягдлыг зөв ангилж,
ялгаж сурах хэрэгтэйг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.