Тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-04 16:48:03

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ОХУ-ын Тээврийн дэд сайд Шило Алексей Николаевичтой цахим хурал хийж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, төмөр зам, агаарын, авто болон далайн тээврийн тухай санал солилцож, зорчигч тээврийн салбарт тулгамдаж буй зарим асуудлыг хэрхэн шийдэх гарц гаргалгааг хэлэлцлээ. 


Хурлын эхэнд ОХУ-ын Тээврийн дэд сайд Шило Алексей Николаевич төмөр замын салбар дахь эдийн засгийн үзүүлэлт, дүн мэдээлэл, төрөөс баримталж буй бодлогын талаарх мэдээлэв. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны илэрхийлэл болсон “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн 2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, төмөр замын салбарт тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцсэнийг тэмдэглэв. Мөн “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн 75 жилийн ой тохиож байгааг угтан Оросын талаас Япон улсын зээлийг шийдсэн, мөн хувь нийлүүлэгч ОХУ таван ширхэг шинэ илчит тэргийг тус нийгэмлэгт хүлээлгэн өгснийг дурдлаа. Төмөр замын салбарт хоёр улсыг дамжин өнгөрөх ачаа тээврийн эргэлт нэмэгдэж, “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн ч өмнөх жилүүдийнх шиг алдагдалтай ажилласныг тодотгожээ. Энэ алдагдлыг нөхөхын тулд дэлхийн олон оронд хэрэгжүүлдэг татаас олгох механизмыг Монголын тал судалж үзэх саналыг хэлж байв.  




Түүнчлэн Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр эдийн засгийн коридор (ЭЗК) байгуулах хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд гурван талт уулзалт хийж, ТЭЗҮ танилцуулахыг хэлэлцэнэ. Улаанбаатар төмөр зам ХНН 2030 он гэхэд 50 сая тонн ачаа тээвэрлэхийг зорьж, хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн өсөлтийг дэмжих, алдагдлыг нөхөх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг хөндөн, ойрын хугацаанд хэлэлцэх шаардлагатайг тодотголоо. Талууд Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 18 дугаар хуралдаанаар хэлэлцсэн тээврийн салбар дахь зарим асуудлын хэрэгжилт, биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгч, хоёр улсын тээврийн салбарт хэлэлцэн шийдэх шаардлагатай ажлын талаар санал солилцов.


ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд -“УБТЗ” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,8, ОХУ-аас БНХАУ-руу явж буй дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 12 хувиар өссөн хэмээгээд, “УБТЗ” ХНН-ийн энэ оны төлөвлөгөөнд тусгасан, хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулж, авто тээвэр, иргэний нисэхийн чиглэлээр хамтран хийх ажилд анхаарал хандуулж, дэмжихийг хүссэн юм.


Энэ удаагийн хурлаас гарсан шийдвэрүүд нь манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бататган бэхжүүлж, хоёр улсын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болно гэдэгт талууд итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэснийг ЗТЯ мэдээлжээ. 



相关新闻