Чингис хаан Үндэсний музей Туркменистаны соёлын цогцолборын улсын төв музейтэй хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Туркменистан улсад энэ сарын 10-13-нд хийсэн төрийн айлчлалын хүрээнд тус улсын Соёлын цогцолборын улсын төв музей Чингис хаан Үндэсний музейтэй хамтран ажиллахаар тогтлоо.
1998 онд байгуулагдсан тус музей Туркменистаны нутагт хүн
үүссэн цагаас хойших XVII зууныг хүртэл археологийн голдуу дурсгал дээр суурилсан
аж. Туркменистаны газар нутгаас олдсон хот суурины туурийг сэргээн үзүүлж,
шавар эдлэл, хүрэл эдлэл, шаазан, чулуун эдлэлүүдийг он дарааллын хувьд дэглэснээс
гадна Монголын эзэнт гүрний үеийн түүхэнд хамаарах шинэ Ниса, Мерв зэрэг хотын
малтлагаас гарсан зарим дурсгал, Монголын эзэнт гүрний өмнөх үеийн Сельджукийн
болон Хорезмын хаант улсын цэцэглэлтийн түүхийг харуулсан сонирхолтой
дурсгалуудаас бүрджээ.
Мөн Согдын үеийн бурханы шашны зарим цуглуулга, хүн чулуу
хадгалагдаж байгаа тус музейн захирал М.А.Чарыев, Чингис хаан Үндэсний музейн
захирал, академич С.Чулуун нар тусгайлсан уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр музей хамтран ажиллах, Монголын эзэнт гүрний
ул мөр, монгол дахь түрэгийн түүхтэй холбоотой дурсгалуудыг хамтран судлах,
ирэх оны наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулах "Монгол ба Бүс
нутгийн үндэсний музейн нэгдсэн форум"-д оролцохыг урилаа.
Ташрамд сонирхуулахад, Туркменистан нь Цагаадайн улс, Ил хаант, умард хэсэгтээ Алтан ордны түүхтэй холбоотой багагүй дурсгалтай бөгөөд цагаадай хэлийг ашиглаж байсан ард түмэн юм.