БАЯНХОНГОР: Зуны 100, өвлийн 4 хүлэмж байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/670f32298fc16.jpeg)
Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага байгуулагдсан 1945 оны 10 дугаар сарын 16-ныг "Дэлхийн хүнсний өдөр" болгон зарлаж, сүүлийн 40 гаруй жилийн турш жил бүр дэлхий нийтээр тэмдэглэж байна. Өнөөдөр Дэлхийн хүнсний өдөр.
Энэхүү тэмдэглэлт өдөртэй холбогдуулан Баянхонгор аймгийн хүнсний салбартаа хэрэгжүүлж буй гол ажлын нэг болох хүлэмжийн аж ахуйн мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнүүлж буй “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор суманд зуны 100, өвлийн 4 хүлэмжийг барьж байгуулсан. Хүн амын эрүүл мэнд, хүнсний ногооны хэрэгцээ хангамжид дорвитой өөрчлөлт, тариалан эрхлэгчдэд том дэмжлэг болсон энэхүү ажлыг 2023 оноос эрчимжүүлсэн юм.
Хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх ажлын хүрээнд нэгдсэн журмаар зохион байгуулалтад орж ажиллах хүсэлтэй иргэдийг тухайн цэгт ажиллуулж, нутгийн хөрсөнд ургасан нарийн ногоогоор Баянхонгорынхныг хангах боломж бүрдээд байна. Ургамлыг экологийн хөрсгүй тариалах, үрслүүлэх, суулгац ургуулах, арчилгаа тордолгоо, хүнсний ногооны хортон шавьж, өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, тоног төхөөрөмжийг байршуулах, бордоогоор хангах, ургац хураалт, тээвэрлэлт, хадгалалт зэргийг орон нутаг тариаланчидтай хамтран хийж буйгаараа онцлог.
Өвлийн хүлэмжүүд ухаалаг системтэй бөгөөд Баянхонгор аймгийнхан жилийн дөрвөн улиралд төмс, хүнсний ногоо, нарийн ногоог хүнсэндээ хэрэглэх боломжтой болж байна.
Сонирхуулахад, Монгол Улс 1973 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад (ХХААБ) гишүүн орноор элссэн. Өнгөрсөн хагас зуун жилд НҮБ-ын ХХААБ Монгол улсын засгийн газартай хамтран монголчуудын аж амьдралд үр өгөөжөө өгсөн 200 гаруй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.
Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, экосистемийн тэнцвэрт байдалд эзлэх стратегийн ач холбогдлыг олонд таниулах, ололт амжилт, тулгарч буй асуудлуудад анхаарал хандуулах, гарц, шийдлийг хэлэлцэх, хамтын хүчийг нэгтгэх, хүнсний тогтолцооны тогтвортой хөгжилд хүн бүрийн үүрэг оролцоо чухал болохыг сануулах зорилготой юм.