Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянсыг хүндэтгэн угтан авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянсыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, эрхэмсэг хатагтай Сюзан Лаянс хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн гарын үсэг зурав. Дараа нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянсын хамт дурсгалын зураг татуулав.
Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааны дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс нарын өргөтгөсөн уулзалт Төрийн ордонд эхэлснээр айлчлал үргэлжилж байна.