Хяналтын камерын тусламжтай алга болсон 200 хүүхдийг олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-17 14:19:59

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газраас 2022 оноос хэрэгжүүлж буй “Ногоон бүс” төсөл буюу камержуулалт, камерын хяналтаар илрүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар болон уг төслийн хэрэгжилтийн үйл явцын талаар мэдээллээ.


ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр ярихдаа, “Цагдаагийн байгууллага иргэд олон нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт олон улсын стандартад нийцсэн камержуулах “Ногоон бүс” төслийг 2022 оноос гурван үе шаттай хэрэгжүүлж байна. Нэг, хоёрдугаар үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн. Нэгдүгээр шатны хэрэгжилтийн үр дүнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн дуудлага мэдээлэл 48.6, гудамж, талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 41.9 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.


Харин хоёрдугаар шатны хэрэгжүүлэлтийн үр дүнд нийслэлийн гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 12 хороог сонгон авч, камержуулсан. Тэгвэл гуравдугаар үе шатыг 2024 онд багтаан хэрэгжүүлж байна. Ингэхдээ Монгол Улсын аймаг, нийслэлийн бүх баг, хороо, сум, дүүргийг камержуулах зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 55319 камер байршуулж, ашиглалтад орууллаа. ЦЕГ хяналтын камерын нэгдсэн системтэй болсон бөгөөд үүгээрээ дамжуулан хяналт, шалгалт хийж байгаа. Тодруулбал, дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хэрэглэдэг NX, IRX үйлдлийн системийг ашиглаж байна” гэв.


2024 оны эхний есөн сарын байдлаар хяналтын камерын тусламжтайгаар 1652 гэмт хэрэг илрүүлсний 525-ыг үйлдэл дээр нь таслан зогсоожээ. Мөн 8393 зөрчлийн 878-ыг нь үйлдэл дээр таслан зогсоосон байна. Түүнчлэн, оршин суугаа газраасаа алга болсон, төөрсөн 200 хүүхдийг камерын тусламжтайгаар олж тогтоосон.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд камержуулалтын ажил 73.2 хувьтай байна. 

相关新闻