Чингэлтэй дүүрэгт эм улиасыг тайрч, шилмүүст мод тарина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-21 15:33:39

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүрэг маргаашаас эхлэн төвийн зургаан хороонд байгаа эм улиасуудыг тайрч, нөхөн сэргээлтийн ажил хийхээр болжээ.


Тодруулбал, тус дүүрэгт нийт 1377 улиас мод бий. Үүний 538 нь эм буюу унгирал гаргадаг. Тэгвэл эхний ээлжинд төвийн зургаан хороонд байрлалтай 288 ширхэг эм улиасыг тайрч, нөхөн тарилт хийх аж. Үүнд Сүхбаатарын талбайн баруун тал, Баруун дөрвөн зам, Баянбүрд орчмын бүх хорооллын дундах эм улиаснуудыг шинэсээр солино. Үүний дараа сургууль, цэцэрлэгийн орчимд ургасан унгирал гаргагч эм улиаснуудыг солих аж.


Унгирлын улмаас иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ хот тохижилтод зохиомол ачаалал үүсдэг байна. Нөхөн тарилт хийхдээ шинэс буюу шилмүүст мод тарих аж.


Энэ талаар Чингэлтэй дүүргийн менежер Н.Сугар ярихдаа “Улиас модны үндэс нь хөрсийг хавж ургадаг. Ингэхдээ хөрсний чийгийг татдаг учраас хөрсний өнгөн хэсгийг хуурайшуулдаг. Улаанбаатар хотод сул шороо ихтэй байдаг нь үүнтэй холбоотой. Харин шинэс модны үндэс нь гүн рүүгээ шигдэж ургадаг учир хөрсний чийг хадгалагддаг. Улиас модны үндэс хавж, тархаж ургадаг учраас хотын ногоон байгууламжид тохирохгүй” гэв.


Түүний хэлснээр улиас модны хөвөнг гаргахгүйн тулд нэг модыг хэлбэржүүлэх зардал 150 мянган төгрөг, 2020 онд 2500 ширхэгийг худалдаж авахад 60 сая төгрөг зарцуулсан бөгөөд жил бүр ийм хэмжээний зардал гарах шаардлагатай болдог аж.

相关新闻