Сурагчдын дунд “Амьтдын тухай 50 ном” уншлагын уралдаан зарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жилийн бие даалтын долоо хоног энэ сарын 28-наас эхэлнэ.
Энэ өдрүүдэд суралцагчдад бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон соёл, урлаг, спортын үйл ажиллагаа, төсөлт ажлыг танхим ба танхимын бус хосолсон хэлбэрээр багш, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэхээр тусгасан билээ.
Тэгвэл энэхүү зөвлөмжтэй уялдуулан “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас ном унших соёлыг бодлогын хувьд сайжруулах зорилгоор уншлагад хөтлөх 50 номыг нэрлэж, түүгээрээ хуанли хийж сургуулиудад түгээх, “Номын ертөнц” сэтгүүлээрээ дамжуулан сурталчлах, үр дүнг нь мэдээлэх ажлыг хэрэгжүүлнэ. Тиймээс бие даалтын долоо хоногоороо “Амьтдын тухай 50 ном”-оос сонгон уншуулж, бүтээлч тэмдэглэлийн уралдаанд хүүхдүүдээ оролцуулахыг багш болон эцэг эхчүүдэд уриаллаа.
“Номын соёлт ертөнц” төрийн байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клуб, “Азтай савар” төрийн бус байгууллагатай хамтран амьтдын тухай илүү их танин мэдүүлэх зорилгоор “Амьтдын тухай 50 ном” уралдаан зарлаад багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Уралдааны материалыг ирэх арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авч, 5-нд олон нийтэд дэлгэнэ.
Уралдаанд оролцогчид нэрлэсэн 50 номоос өөрт таалагдсан
зохиолоо сонгон уншиж, бүтээлч тэмдэглэл хийх юм. Ингэхдээ уралдаанд бүтээлээ
явуулах, уншсан номоороо 5-10 минутын подкаст хийх шаардлагатай ажээ. Тэргүүн
байрыг гурван сая төгрөгийн ном авах эрхийн бичгээр шагнах бол хоёр болон
гуравдугаар байрыг 1-2 сая төгрөгийн номын эрхийн бичгээр урамшуулах юм байна.