Халх голын ахмад дайчин Ц.Чимэдцэрэнгийн түүхээр бүтээсэн жүжгийг толилууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2024-10-23 11:58:17

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Халх голын ахмад дайчин, сувилагч Ц.Чимэдцэрэнгийн дүрээр ОХУ-ын Буриад улсын уран бүтээлчид жүжиг бүтээжээ.


Тодруулбал, саяхан тус улсын үндэсний драмын театрт Геннадий Башкуевын зохиолоор, Олег Юмовын найруулсан “Халхын гол тангараг” жүжгийг толилуулсан байна. Жүжгийг энэ онд тэмдэглэж буй Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулан бүтээжээ.




Жүжгийг Халх голын байлдааны ахмад дайчин Ц.Чимэдцэрэнгийн намтраар бүтээсэн байна. Халх голын дайнд Дорнод аймгийн Баяндун сумын 14-16 насны 16 охин сайн дураараа явж байсны нэг нь Ц.Чимэдцэрэн гуай байсан юм. Тэрээр 1939 онд Халх голын байлдаан эхлэхэд 15 настай, Баяндунгийн охидын түр сургуульд сурч байжээ.

“..Гэнэтийн дайралт боллоо гэхийг сонсоод, дайн болж байгаа газарт очиж тусалъя. Юу хий гэснийг нь хийнэ” хэмээн бусдыгаа уриалан тэргүүн фронтод очиж цэргийн сувилагчаар ажиллаж байснаа үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр дурсан ярьж байсан юм. Жүжгийг бодит явдлаас сэдэвлэн хоёр жилийн хугацаанд бүтээж, монгол хэлнээ хөрвүүлжээ.


“Халхын гол тангараг” жүжгээр эх оронч үзэл, амь насаа үл хайрлах сэтгэл, Монгол, Орос хоёр орны ард түмний найрамдал, хүний амь хэчнээн үнэ цэнтэйг харуулахыг зорьсноо уран бүтээлчид өгүүлжээ. Халх голын ялалтын 85 жилийн ойн хүрээнд хоёр улсын хооронд олон үйл ажиллагааг хэрэгжүүлж, олны хүртээл болгохоор төлөвлөсөн бүтээлийн нэг нь энэ жүжиг юм гэдгийг онцолж байна.


Энэ талаар Монгол Улсын Соёлын элч Х.Дамдинсүрэн хэлэхдээ, “Халх голын ялалтын ойд зориулан соёл, урлагийн олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүний нэг нь ОХУ-ын Буриад улсын Засгийн газар, Соёлын яам болон Буриадын үндэсний драмын театр Монгол Улсын ахмад дайчин, 101 настай Ц.Чимэдцэрэнгийн бодит түүхээр сэдэвлэсэн “Халхын гол тангараг” жүжиг тавьж Буриадад тоглоод дараа нь Монгол Улсын хот, хөдөөд зургаан удаа Монголын үзэгчдэд хүргээд байна” гэв. 


相关新闻