ДОРНОГОВЬ: Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны эмч нар ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-10-29 17:17:05

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн эмч нар Дорноговь аймагт 10 дугаар сарын 27-29-нд ажиллалаа.


"Монгол Улс дахь зүрх судлал, зүрх судасны мэс засал ба телемедицин МОН/007" төслийн хүрээнд Зүрх судасны үндэсний төвийн эмч Г.Сүх-эрдэнэ, Б.Үнэнтөгөлдөр нар зүрх судасны тусламж үйлчилгээний чиглэлээр аймаг, өрх, сумын эмч нарт чадавхжуулах сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангасан байна. Сургалтад 16 байгууллагын 27 эмч хамрагдаж мэдлэг ур чадвараа дээшлүүлжээ.


Үүнээс гадна  аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтарсан үзлэг хийж, зүрхний хэм алдагдалтай 25 хүний оношилгоо, эмчилгээний асуудалд зөвлөгөө өгч, ажлын байрны сургалт хийж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл, санал солилцсон байна.


Төслийн хүрээнд суурилуулсан тоног төхөөрөмжийн ажиллагаа, хэрэглээг хянаж, зааварчилгаа өгч, эмнэлгийн зарим программын хэрэглээний сургалт хийжээ.




相关新闻