ДОРНОГОВЬ: Жан Жиакоу хотын төлөөлөгчид Замын-Үүд суманд зочиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ![](/files/6723291d4e44e.jpeg)
Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Жан Жиакоу хотын Ардын засгийн ордны зочид төлөөлөгчид 10 дугаар сарын 28-нд Замын-Үүд суманд зочилжээ.
Албаны төлөөлөгчдийг Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, ИТХ-ын дарга О.Үүрцайх нар хүлээн авч сум орны хөгжил дэвшил, онцлог зүйлсийн талаар мэдээлэл хийж, харилцан санал солилцсон байна.
Уулзалтаар хоёр хотын худалдаа, эдийн засаг, ногоон байгууламж, боловсрол соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр харилцан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Өмнө нь “Ковид-19" цар тахлын үе буюу 2022 оны 11 дүгээр сарын 2-нд хоёр хотын удирдлагууд цахимаар хуралдаж хамтран ажиллах саналаа хүргүүлж байсан аж.
Үүнээс гадна Замын-Үүд сум нь гадаад харилцааны чиглэлээр хөрш БНХАУ-ын Эрээн хоттой хамтын ажиллагаатай ажилладаг юм.