ХӨВСГӨЛ: Алсын зайн оношилгооны төвийг нээх боломжийн талаар санал солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Бусан хотын Со дүүргийн Засаг дарга Гун Хан Сү тэргүүтэй төлөөлөгчид Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Тус аймгийн удирдлагуудтай уулзаж аялал жуулчлалыг хөгжүүлэх, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Энэ үеэр Бусан хотын Со дүүрэгтэй онош нь тодорхойгүй өвчтөнүүдийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах, шинэ дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, эмч нарыг туршлага солилцох, сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Цаашид алсын зайн оношилгооны төвийг Хөвсгөл аймагт нээх боломжтой талаар Со дүүргийн удирдлагууд онцолж байлаа.
Уулзалтын үеэр Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр Бусан хотын Со дүүрэгтэй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүд рүү хамтын ажиллагаагаа илүү чиглүүлж ажиллах хүсэлтэй байгаагаа хэлж байлаа.
Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн Герман, Солонгос, Япон, Орос
зэрэг 7 улсын 14 муж, хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.