Хулгайд алдагдсан их шүтээн олджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Дамчойлин хийдээс нутгийн иргэдийн олон зуун жил шүтэж ирсэн “Хар морьт сахиус” энэ оны аравдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө алдагдсан хэрэг гарсан. Тус хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид Орхон, Хөвсгөл аймгийн цагдаагийн алба хаагчидтай хамтран шуурхай ажиллаж илрүүлсэн байна.
Энэхүү хулгайн гэмт хэргийг Хөвсгөл аймгийн иргэн “А”,“Б” нар үйлдсэнийг тогтоож, алдагдсан эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэн өгчээ. Одоо уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Энэхүү сахиусыг 200 гаруй жилийн өмнө Төвдөөс залж авчирсан түүхийн үнэт өв бөгөөд нутгийн зон олны заяа буяныг дааж ирсэн нандин шүтээн аж. Их шүтээнийг 1932 онд хүрээ түр хаагдах үед нутийн иргэд, лам нар хамгаалан авч гарсан бөгөөд 1938 онд бүрэн устах үед ч авч үлдэж чадсан ажээ.
Б.Гантуяа