ТӨВ: Зөгий, шувууны аж ахуйг дэмжих төслийг хоёр суманд хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ![](/files/6734837b4b631.jpeg)
Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь төслийн мэргэжилтнүүд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатартай уулзаж “Urban, Peri-Urban food & Forest in Mongolia” төслийг Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань суманд хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн хүрээнд Батсүмбэр, Баянчандмань сумын 80 өрх хамрагдах бөгөөд Батсүмбэр суманд “Зөгийн аж ахуй”-н төсөл, Баянчандмань суманд “Шувууны аж ахуй”-н төслийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, Хоёр сум тус бүрд 40 өрхийг хамруулах бөгөөд хөрш, зэргэлдээ айл, хоршоодыг хамруулахаар төлөвлөж байгаа юм. Ингэснээр цаг алдалгүй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, нэг дор байршиж төвлөрөх боломжтой юм. Төслийн зорилго нь эрүүл, эко бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт цаг алдалгүй хүргэх, дэлгүүр, үйлдвэрүүдэд шууд нийлүүлэх боломжтой болно. Ингэснээр хүн амын хүнсний хангамж, ногоон байгууламж нэмэгдэх юм.
Батсүмбэр, Баянчандмань суманд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгсний дараагаар бусад суманд хэрэгжүүлэхээр болсон байна.
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хэлэхдээ, “Urban, Peri-Urban food & Forest in
Mongolia” төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрүүд, Засгийн
газрын зорилтууд болон аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги
төлөвлөлт”-тэй уялдаж байгаа тул дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.