“Анна Каренина” жүжгийг ирэх сард дахин тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн романаас сэдэвлэсэн “Анна Каренина” нэрт жүжгийг 2020 онд Монголын үзэгчдэд анх хүргэж байв.
Тэгвэл эл жүжгээ ирэх сард дахин толилуулахаар болжээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү романыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр нар ажилласан байдаг.
Түүнчлэн хоёр бүлэг, 23 үзэгдэлт уг жүжгийг УДЭТ шинэ бүрэлдэхүүн, шинэ Аннатайгаар өнгөрсөн тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгосон билээ.
“Анна Каренина”
роман нь дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн заавал унших ёстой сонгодог бүтээлд
тооцогддог.