Р.Дагва: Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдэх хэлбэрээр хотоо дахин төлөвлөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-11-16 14:06:48

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. НИТХ нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг өчигдрийн хуралдаанаараа баталсан.




Хөтөлбөрийн үндсэн бодлого агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулахад чиглэж, Улаанбаатар "20 минутын хот" үзэл баримтлалын дагуу иргэд өөрийн оршин суух газраасаа 20 минутын зайд нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх аж.

Үүнтэй холбоотой хийх бүтээн байгуулалтын ажлуудыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр нийслэлийн удирдлагын хамт сэтгүүлчид болон олон нийтийн төлөөлөлд нээлттэй танилцууллаа.

  • Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро" төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
  • Метротой зэрэгцэн тусгай замын автобус BRT, мөн хөнгөн галт тэрэг буюу трамбайн ажлыг ирэх онд эхлүүлнэ. Тодруулбал, BRT-ын буюу тусгай замын автобусны:
  • Толгойтоос Гэмтлийн эмнэлэг-III IV хорооллын дундуур, Тасганы овоогоор уруудаад хойгуураа Сансрын тойргоор “Нарантуул” худалдааны төв гэсэн эхний,
  • Хоёр дахь нь Яармагаас 120 мянгатын тэмээтэй хөшөө хүртэл явж буцаж эргэх гэсэн 2 шугамыг тавьж 2024-2028 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


  • Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт “Агаарын дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
  • "Шинэ тойрог зам", “Туулын хурдны авто зам” барих төслүүдийг эхлүүлнэ. Энэ ажлын хүрээнд “Нарантуул” олон улсын худалдааны төвийг нүүлгэж, хурдны замын төгсгөлд байгуулах талаар тус худалдааны төвийн удирдлагатай зөвшилцөж байна.
  • Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулна.
  • Дулааны II, III цахилгааны станцыг өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  • Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 600 МВт болгон өргөтгөнө.
  • Багануур дүүрэгт 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хуримтлуурын станц барих бүтээн байгуулалтын ажлыг дуусгана.
  • Лаг хатаах, шатаах байгууламжийг ашиглалтад оруулна.
  • Хог шатаах 20 МВт хүчин чадал бүхий цахилгаан үйлдвэрлэх эрчим хүчний үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх талаар мэдээллээ.

Нийслэлд ирэх онуудад хийх бүтээн байгуулалтын ажлуудын санхүүжилт, хөрөнгө оруулалт бүхэлдээ шийдэгдсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдээд, улс болон нийслэлийн төсөв, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтрах, төр-хувийн хэвшлий түншлэлийн шугамаар, мөн тарифын үнэлгээнд шилжих замаар санхүүжилтийг шийдэж хэрэгжүүлнэ гэв. 


Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва: Нийслэл хотын хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг тодорхойлон шийдэх замаар хотоо дахин төлөвлөнө. Өөр арга зам байхгүй.



Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр:

  • Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх “Сэлбэ” дэд төвийн 158 га газар, 2008 талбарыг чөлөөлнө. Үүнээс 1700 айлын газрыг чөлөөлөөд байна. “Сэлбэ” дэд төвийг байгуулах хөрөнгө болох бондын 500 сая ам.доллар Монголбанканд орж ирж байгаа.
  • ЕСБХБ-ны  санхүүжилтээр Ханын материалд 725 айлын орон сууц барихаас эхнийх нь ашиглалтад орсон.
  • Гандан, Ногоон нуурт газар чөлөөлж, бэлэн орон сууцаар солино.
  • Баянхошуу орчмын “Ногоон орон сууц”-ны санхүүжилтийг УИХ баталсан. 


Гандан, Ногоон нуурт газар чөлөөлж, бэлэн орон сууцаар солино.


Хот үер усны эрсдэлээс сэргийлэхийн тулд 64 байршилд 106 км далан сувгийн ажил хийх шаардлага бий. Энэ ажлыг дотоодын санхүүгийн эх үүсвэр болон гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Түүнчлэн хотын дундуур урсдаг голуудын эх дээр тохируулгатай нуур, цөөрөм хийхээр төлөвлөсөн.




Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны сүлжээ ачааллаа дийлэхээ больсон. Хот сүүлийн 40 орчим жил эрчим хүч, дулааныхаа асуудлыг шийдэх дорвитой ажил хийгээгүй. 10 жилийн өмнө Амгалан ДЦС-ыг барьж, энэ жил өргөтгөсөн. Ирэх жилүүдэд эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэв.



相关新闻