Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Олон улсын аялал жуулчлалын “ITM Mongolia-2025” 26 дахь удаагийн үзэсгэлэнг “Мишээл экспо” үзэсгэлэн худалдааны төвд нээлээ.
"Тогтвортой аялал жуулчлал-Төв Ази” уриан дор энэ сарын
26 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд 21 аймаг, хувийн хэвшил, бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэгч, аялал жуулчлалтай холбоотой бүхий л салбарынхан оролцож,
хамтын ажиллагааны түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ
сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж байна.

Үзэсгэлэнгийн үеэр
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга
Б.Чинүүхэй ЮНЕСКО “Рио Тинто” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Соёлын болон
геологийн өвд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” санаачилгыг танилцуулав.
Тогтвортой аялал жуулчлалыг
хөгжүүлэх энэ төсөл нь соёлын өвийн дурсгалт газруудыг хадгалан хамгаалах,
тогтвортой аялал жуулчлалын үйл ажиллагааг сурталчлах, орон нутгийн иргэдийн
амьжиргааг дээшлүүлэх зорилготой. Төслийг урт хугацаанд үр дүнтэй болгохын тулд чадавхжуулах, бодлого боловсруулах, төр ба хувийн хэвшлийн түншлэлийг
хөгжүүлэхэд анхаарч байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн геопарк гэдэг нь геологийн өвийн
хамгаалалт, боловсрол, тогтвортой хөгжлийн цогц менежмент төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлдэг, олон улсад
хүлээн зөвшөөрсөн геологийн ач холбогдол бүхий байгалийн тогтоц, дурсгалт газар
юм. Геопарк байгуулах нь орон нутгийг хөгжүүлэх, иргэдийн амьдралыг дээшлүүлэх,
геологи, соёлын өвийг хадгалан хамгаалах, аялал жуучлалыг хөгжүүлэх ач
холбогдолтой.
Ulaanbaatar