Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих төслийн гэрээг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-24 16:51:57

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсад хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээг өнөөдөр байгууллаа.


Тус гэрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, төслийн гүйцэтгэгчээр шалгарсан, эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах Рэншоу Сычуань ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хог шатаах үйлдвэр төслийн менежер, үйлдвэрийн дарга Танг Яа Ү нар гарын үсэг зурав.


Өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай үйлдвэрийг 206.5 сая ам.доллароор, 30 сарын хугацаанд барих бөгөөд 28 жилийн дараа төрд шилжүүлэх юм.


Үйлдвэрийг жилд 8000 цаг ажиллуулж, 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээхээр төлөвлөөд байна. Хог шатааж үйлдвэрлэсэн 1 кВт эрчим хүчээ 14 орчим центээр үнэлж, 8.4 центээр ЭХЯ-нд худалдаж, 5.6 центийн зөрүүг үйлдвэрлэлийн хог хаягдлыг зайлуулсны төлбөрт хог хаягдал ихээр гаргадаг аж ахуйн нэгжүүдээс нөхөн төлбөр хэлбэрээр авч, хөрөнгө оруулагч талд өгөх зорилт тавьж, энэ төслийг эхлүүлснийг НЗДТГ мэдээлжээ.


Шатаах үйлдвэрт зөвхөн нийслэлийн хог хаягдлаар зогсохгүй, Төв аймгийн Зуунмод, Хүннү хот, Алтанбулаг, Сэргэлэн сумын хогийг ч үнэ төлбөргүй шатаана. Мөн Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгт ойрын 10 жилд дарсан хогийг ухаж авч, шатаан байгаль экологио цэвэрлэх аж.


Тиймээс энэ төсөл нь манай улсад экологийн чухал ач холбогдолтойг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тодотгоод, “Улаанбаатарыг орчин цагийн хот болгохын тулд инженер хангамжийн нэгж бий болгох шаардлагатай. Энэ нь хэрэглэгчдийн тарифаар өөрсдийгөө санхүүжүүлж, орлогоороо хөрөнгө оруулалтаа нөхдөг зарчимд шилжих зорилт юм. Энэ төсөлд хувийн салбар 100 хувь хөрөнгө оруулж буйгаараа онцлогтой. Мөн Засгийн газар анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлд баталгаа гаргаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд “Urban mining” гэх ойлголт дэлхийн хотуудад дэлгэрч байна. Энэ нь өмнөх жилүүдэд булсан хогийг буцаан ухаж, шатаан эрчим хүч үйлдвэрлээд байгаль экологио сэргээх тухай” гэдгийг онцолсон юм.


Одоогоор, нийслэлд өдөрт дунджаар 1500 тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал гаргадаг бөгөөд үүнийг хотод ойр хоёр цэгт булж байгаа билээ. 

相关新闻