Монголын боксчид Дэлхийн цомд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-18 11:41:18

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Английн Шеффилд хотод боксын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 25-нд эхэлнэ.


Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, дасгалжуулагч Ж.Еркин, Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөхөөр удахгүй тус улсыг зорих гэж байна.


Тодруулбал, эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Дэлхийн цомын мөнгөн медальт А.Баттулга, 57 кг-д Дэлхийн цомын аварга Х.Билгүүнсайхан, Дэлхийн цомын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Ганболд, 63.5 кг-д Дэлхийн цом, Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Энхтөр, 71 кг-д ДАШТ-ий хүрэл, Дэлхийн цомын алт, хүрэл медальт Б.Мишээлт нар оролцоно.


Тэгвэл эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт Л.Алтанцэцэг, 54 кг-д Азийн АШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн, 57 кг-д Дэлхийн цомын алт, хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Мичидмаа, 60 кг-д Дэлхийн цомын аварга М.Намуун нар өрсөлдөх аж.


Энэ тэмцээний араас дэлхийн чансааг шинэчлэн гаргах бөгөөд Дэлхийн цомын гурван тэмцээний нэг нь Монголд болсон билээ.  

相关新闻